Яагаад хувийн эрүүл мэндийн даатгал гэж?

Би эрүүл мэндийн даатгалыг сар болгон цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог байснаас хэрхэн даатгалаа ашиглах,суутгагдсан мөнгө маань хэрхэн зарцуулагдаж байгаад санаа тавьж байсангүй. Даатгалын байгууллагад ажиллаж хувийн эрүүл мэндийн даатгалтай болсноор сонирхож эхэллээ. Мөн сар болгон албан журмаар өгдөг мөнгө болон миний өөрөө сар болгон санаачлагаараа төлдөг мөнгөний ялгааг ч ойлгосноо та бүхэнтэй хуваалцъя.

Иргэд ихэнхдээ хувийн эрүүл мэндийн даатгалыг сонгодоггүй. Учир нь Монголчууд ихэвчлэн өвдсөн үедээ эм тариа дур мэдэн хэрэглэж, гэрийн аргаар эсвэл мэргэжлийн бус хэн нэгний зөвлөснөөр эмчилгээ хийж улмаар биеийн байдлаа улам хүндрүүлдэг нэгдсэн буруу хэвшилтэй. Бага зэргийн өвдөлтийг бол тухай бүрд нь эмнэлэгт үзүүлэлгүй өнгөрөөдөг хээгүй ард түмэн билээ. Гэвч аливаа өвчнийг эхэн үед нь зөв оношлуулж, эмчлүүлж чадвал цаашлаад архагших, хүндэрч хавдар болохоос нь өмнө урьдчилан сэргийлж, бага зардлаар богино хугацаанд эмчлэх боломжтой байтал завгүй гэх мэт шалтгаанаар хойшлуулсаар нэлээд хүндэрсний дараагаар л эмнэлгийг зорьдог. Манайхны дунд “Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэсэн үг байдаг хэдий ч өвчин ирж байгааг урьдчилан хэлсэн зовиур, шинж тэмдгүүдийг бид өөрсдөө тоолгүй өнгөрөөсөөр хүндэрсэн үед нь хийсээд ирсэн юм шиг аашилдаг хандлага түгээмэл бий. Мөн өвчиндөө зовиурласан нэгнийгээ эмнэлэгт үзүүлэхэд нь янгууч хэмээн шүүмжлэх тохиолдол цөөнгүй.Хувийн эрүүл мэндийн даатгалыг хамгийн их танигдсан даатгалын бүтээгдэхүүнээр орлуулан тайлбарлавал “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” болон “Тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал”-тай харьцуулж болмоор санагдлаа. Хуулийн дагуу автомашинтай жолооч бүр албан журмын даатгалаар даатгуулах ёстой. Энэхүү даатгал нь жолоочийн замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг даатгадаг бөгөөд гэрээний нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 5-10 сая төгрөг байдаг. Харин тээврийн хэрэгслийн даатгалд тухайн машины зах зээлийн үнээс хамаарч та арай илүү мөнгө төлдөг ч, эрсдэл тохиолдсон үед хохирлын үнэлгээгээр эргээд шинэ машин авах хүртэл нөхөн төлбөр авах боломжтой болдог.