МАШИН ДЭЭРХ ЦАЙНЫ ТОЛБЫГ ХЭРХЭН ХЯЛБАР АРИЛГАХ ВЭ?

Машинаа байрныхаа гадаа тавьтал буянтай буурлууд маань сүү цайныхаа дээжийг өргөөд толботуулчихдаг ч энгийн үзэгдэл болжээ. Бас тэнгэрийн амьтад газар буухгүй “болгочихдог” болохоор хааяа машинууд маань золиос нь болдог. Байнга угаалгын газар угаалгаад байх үнэтэй, бас цаг их ордог. Тэгвэл танд толбо арилгах хялбар аргыг хүргэж байна.

  1. Шүршигч саванд 50/50 –н харьцаатай цагаан цуу болон хүйтэн ус хийж бэлдээрэй. Толбон дээрээ уусмалаа шүршээд хэсэг хугацааны дараа хуурай цэвэр даавуун алчуураар хаттал нь арчаарай. Үүгээр зөвхөн машин дээрх гэлтгүй төмөр эдлэлүүд, шил толин дээрх толбонуудыг ч арилгаж болно. Цагаан цуу нь харин ямар нэгэн хольцгүй байх шаардлагатай. Жишээ нь алим, виноны найрлагатай цагаан цуу хэрэглэж болохгүй гэсэн үг.
  2. Толбон дээр хүнсний сод цацаж түүнийгээ нойтон алчуураар үрэхэд мөн арилна.
  3. Шувууны өтгөнийг дээр нь нойтон алчуур удаан тавьж байгаад авахад арилна.
  4. Удаан арчиж үрэхийг хүсэхгүй байгаа бол цагаан цууны уусмалаа шингээсэн алчуурыг толбо болсон газартаа тавиад 5-10 минут хүлээгээд зөөлөн дарж алчуураа авахад л арилах болно.

Бидний бэлдсэн зөвлөгөө танд тус болсон гэж найдаж байна. Мэдээж та машинаа дахин дахин цэвэрлэхийг хүсэхгүй бол Машинаа гадаа тавихдаа аль болох байрныхаа дээрээ тагтгүй хэсэгт тавиарай.