МАЛ АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ

"Британника" нэвтэрхий толинд дурдсанаар анх малын халдварт өвчний үүслийг МЭ 2000 он гэж таамагладаг бөгөөд тухайн үеийн Хипократын бичвэр дээрээс малын эмийн тухай бичсэн бичээс мөн Аристотелийн мал амьтны өвчний шинж тэмдгийг бичсэн бичвэр нь үүний нотолгоо болсон гэж үзжээ. Мал аж ахуйн салбар хөгжсөн орнуудад энэ эрсдэл томоохон эрсдэлүүдийн тоонд ордог бөгөөд зарим орны тоон мэдээллийг авч үзвэл малын гоц халдварт өвчин гарсан жил экспортын хэмжээ дагаж буурах, орлого буурах хандлагатай байна.

Малын гоц халдварт өвчний индексийг тооцоолоход өвчний тохиолдлын тоо, нас барсан хүн, хорогдсон малын тоо, учирсан хохирлыг харгалзан үздэг.

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

Малын гоц халдварт өвчний индекс 2016 онд бууралттай байсан бол 2017 онд дариу 3.8 нэгжээр өсч 6 нэгж болсон.Үүний гол шалтгаан нь уг эрсдэлийн тохиолдлын тоо өмнөх оноос 2 дахин, хорогдсон мал, амьтдын тоо 95 дахин нэмэгдсэнтэй холбоотой байна.    

Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс шүлхий, хонин цэцэг, бог малын мялзан өвчнүүд 2017 онд бүртгэгдсэн. Үүний улмаас нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1.2 тэрбум төгрөгийг хохирлыг даван туулахад зарцуулжээ.

Статистикийн мэдээллийг авч үзвэл манай орны голлох салбарын нэг нь мал аж ахуй юм. Мөн экспортын 10 орчим хувийг малын түүхий эд, бүтээгдэхүүн эзэлдэг. Манай улстай адил Австрали улсын голлох салбар нь мал аж ахуйн салбар байдаг бөгөөд улсын бодлого нь малын тоо толгойг өсгөх, хамгаалах зарчим боловсруулж ажилладаг. Иймд тус улс малын гаралтай бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглосон байдаг. Бага хэмжээний малын гаралтай бүтээгдэхүүн ч малын өвчин гаргах аюул үүсгэх тул тус бодлогыг хатуу баримтлан ажилладаг байна. 

Голлох салбарын нэг болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахын тулд малын өвчин гарахаас өмнө сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Хамгийн наад зах нь урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, малын бууцанд ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийх, халдварт өвчин хаана тархсан талаар мэдээлэлтэй байж сүргээ голомтын ойр орчим бэлчээхгүй байх гэх зэрэг энгийн аргуудаар сэргийлэх бүрэн боломжтой.

Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" дээр үндэслэсэн болно.