ҮЕРИЙН ЭРСДЭЛ

Дэлхийд тохиолддог байгалийн гамшигт үзэгдлийн 43 хувийг үерийн аюул дангаараа бүрдүүлдэг бөгөөд хур тунадас ихээр орох, уулын цас хайлах, далан нурах үед гол мөрөн, далай тэнгистэй ойролцоо орших хот, улсууд үерт автдаг. Үерийн аюул үүссэн үед хэмжээ хэдий бага байсан ч хохирлын хэмжээ маш өндөр байдаг.

Үерийн эрсдэлийн индексийн тооцоололд тохиолдлын тоо, гамшигт өртсөн, хүн, амьтны тоо болон хохирлыг арилгах үйл ажиллагаанд оролцсон хүн, техникийн тоог харгалзан авч үздэг.

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

Үерийн эрсдэлийн индексэд өөрчлөлт ороогүй. Үерийн улмаас хорогдсон мал амьтны тоо өмнөх онтой харьцуулахад өссөн ч тохиолдлын тоо болон учирсан хохирлын хэмжээ бага байснаас шалтгаалан индекс өмнөх онтой ижил дүнтэй гарсан байна.

2017 онд үерийн улмаас 900 орчим сая төгрөгийн хохирол гарч, хохирлыг арилгахаар 1.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Учирсан хохирлын хэмжээ түрүү онтой харьцуулахад 4 дахин буурсан ч хохирол арилгахад зарцуулсан зардлын дүн өссөн байна.

2017 онд хэт халалт хуурайшилтын улмаас улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар үүлэнд нөлөөлж зохиомлоор бороо оруулсан нь гол, мөрний усны түвшинг нэмэгдүүлэн үерийн аюул нүүрлэхэд хүргэсэн байдаг. Үер болсон тохиолдолд хамгийн түрүүнд замын эвдрэл бий болдог. Үүний шалтгаан нь Монгол улсын замын дийлэнх нь ус зайлуулах шугамгүйтэй холбоотой байдаг.

Учирсан хохирлын хэмжээгээрээ дэлхийн хамгийн том эрсдэлд тооцогддог үерийн эрсдэл нь дэлхийн олон оронд тохиолддог. Өндөр эрсдэлтэй орнуудын хувьд үерээс урьдчилан сэргийлэхээр далан босгох, ус зайлуулах хоолой нэмж гаргадаг.

Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" дээр үндэслэсэн болно.