ХҮЧТЭЙ САЛХИ, ШУУРГАНЫ ЭРСДЭЛ

Хүчтэй салхи, шуурга нь далайн шуурга, хар салхи үүсгэх шалтгаан болдог учир далай, тэнгистэй ойрхон орших улсуудад илүү хор хохирол учруулдаг. Манай улсын хувьд шороон болон цасан шуурга нь уг эрсдэлд тооцогддог.

Хүчтэй салхи, шуурганы эрсдэлийн тооцоололд тохиолдлын тоо, өртсөн, хүн, амьтны тоо болон хохирлыг арилгах үйл ажиллагаанд оролцсон хүн, техникийн тоог харгалзан авч үздэг.

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2017 оны хүчтэй салхи, шуурганы эрсдэлийн индекс өмнөх оноос 2.6 нэгжээр өсч 4.7 болсон байна. Индексийн өсөлтийн шалтгаан нь тохиолдлын тоо өмнөх оноос 9 тохиолдлоор нэмэгдэж,  392 байшин нурж, 2 хүн гэмтэж, 4 хүнийн амь нас үрэгдсэнээс шалтгаалжээ.

Манай улс бусад улстай харьцуулахад салхи ихтэй байдаг тул хүчтэй салхи, шуурганы эрсдэл тохиолдох магадлал өндөр мөн хүчтэй салхинаас шалтгаалан ой, хээрийн гал түймэр гарах тохиолдол ихтэй байдаг. Хамгийн сүүлийн мэдээгээр хүчтэй салхи, шуурганы улмаас Ховд аймагт барилгын дээвэр хууларч, 10 гаруй байшин нурж, 6 машины цонх хагарсан тоон мэдээлэлтэй байна.

Хүчтэй салхи, шуурга нь 80 км/цагаас дээш хурдтай бол аюул учруулах хэмжээний гэж үздэг бөгөөд түүнээс дээш хурдтай салхи нь бага хугацаанд жижиг хотыг сүйрүүлж чаддаг. Салхины чиглэлийг урьдчилан таамаглах боломжтой байдаг тул бусад гамшигтай харьцуулахад урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлүүдийн тоонд ордог.

Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй салхи нь “Катерина” салхи юм. Уг салхинаас үүдэлтэйгээр 105 тэрбум долларын хохирол бий болсон байдаг.

Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" дээр үндэслэсэн болно.