ЗУДЫН ЭРСДЭЛ

“Монгол орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан өвлийн улирал нь хуурай, хүйтэн болдог. Манай оронд хамгийн удаан үргэлжилсэн зуд нь 150 хоног үргэлжилж байжээ. Олон улсын нэршлийн хувьд Монгол орны өвлийн аюулт үзэгдлүүдийг нийтэд нь “Зуд” гэж нэрлэн, онцлогоос нь шалтгаалж дотор нь ангилдаг бол бусад орны хувьд их цас орох, цас огт орохгүй байх, цасан шуурга гэх зэргээр үзэгдэл болгоныг өөр өөр нөхцөлд тооцон авч үздэг байна.”

Зудын эрсдэлийн индексийг тооцохдоо тухайн жилд зуд болсон эсэх, зудын улмаас учирсан хохирлын хэмжээ, хорогдсон мал амьтны тоо, үүссэн хор уршгийг арилгахад оролцсон хүн болон техникийн тоо, зарцуулсан зардал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үздэг.

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2017 оны зудын эрсдэлийн индекс нь өмнөх оноос 1.3 нэгжээр буурч 3.5 нэгж болсон үзүүлэлттэй байна. Үүнд зудын улмаас хорогдсон мал амьтны тоо өмнөх оноос 2 дахин буурсан нь голлон нөлөөлжээ.

Манай улсын хувьд 2012, 2014 болон 2015 онуудад зуд болоогүй учир эрсдэлийн индекс 1 нэгж гарсан байна. 2017 онд зудын гамшигт үзэгдлийн хор хохирлыг арилгахын тулд 2.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Сүүлийн 10 жилийн тоон мэдээллийг авч үзвэл зуд болсон жилд дунджаар 1.7 сая толгой мал хорогддог нь мал аж ахуйн хувьд том гарз болдог. 2010 онд болсон зудын улмаас 10 орчим сая толгой мал хорогдсон нь түүхэн дэх хамгийн дээд хэмжээ юм.

Өвөлжилтийн бэлтгэл сайтай байх нь зудыг хохирол багатай давах суурь болдог тул малчин, тариаланчид өвлийн бэлтгэлийг эртнээс базааж, аюулгүйн нөөц бүрдүүлж болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатай.

Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" дээр үндэслэсэн болно.