Мандал Даатгал – Бид хэрхэн ажилладаг вэ?

Мандал Даатгал нь даатгалын салбарт мэргэшсэн туршлагатай 120 гаруй ажилтантай бөгөөд эерэг хандлага, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл бүхий бүтээмжтэй ажилтан нь манай компанийн өрсөлдөх чадварын үнэ цэнтэй хүчин зүйлийн нэг юм.

Сонгон шалгаруулалт

Мандал даатгал нь хүний нөөцийн бодлого, тэр дундаа сонгон шалгаруулалтын бодлогын хүрээнд ХҮН БҮРТ-ТЭГШ БОЛОМЖ олгох суурь зарчим баримталдаг бөгөөд уг бодлогынхоо хүрээнд “5/500” хөтөлбөрийг 2015 оноос хойш амжилттай хэрэгжүүлсээр ирлээ. Уг хөтөлбөрийн онцлог, давуу тал нь манай компанийг сонирхон ажил горилж буй хүн бүхэнд сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нээлттэй, тэгш олгодог бөгөөд төгссөн сургууль, ажилласан туршлагаас үл хамааран, хөтөлбөрийн явцад тухайн ажил горилогчийн ХАНДЛАГА, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ-д тулгуурлан, сонгон шалгаруулж, ажлын санал тавьдаг гэдгээрээ бусад компанийн сонгон шалгаруулах арга техникээс ялгардаг.

Уг хөтөлбөрийн ялгарах онцлог нь бид хүмүүсийг эхэлж сонгон шалгаруулах биш, байгууллагаа танилцуулан, цаашид орж ажиллах сонирхолтой эсэхийг ажил горилогч нарт эхний сонголт болгодгоороо ялгаатай.

Сургалт хөгжил

Санхүүгийн үйлчилгээний байгууллага, тэр дундаа даатгалын компанийн гол хөрөнгө нь ур чадвартай ажилтан, хүний нөөц юм. Тиймээс бид ажилчдаа чадавхжуулах, мэргэшүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг. 2018 онд Мандалын нийт ажилтны 70 гаруй хувийг мэргэшүүлэх сургалтад хамруулан ажилласан байна.

Урамшууллын бодлого

Мандал даатгал нь “Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоо” буюу KPI-д суурилсан урамшууллын бодлоготой бөгөөд ажилтан бүр өөрийн гүйцэтгэлээс хамаарч, сар, улирал, жилийн мөнгөн урамшуулал авах боломжтой. Түүнээс гадна компанийн зүгээс хагас жилийн KPI гүйцэтгэл хангасан ажилтнууд болон жилийн KPI гүйцэтгэл хангасан ажилтнуудаа жил бүр шалгаруулан урамшуулдаг.

Хагас жилийн KPI гүйцэтгэл хангасан ажилтнуудыг Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялах эрхийн бичгээр, жилийн KPI гүйцэтгэл хангасан ажилтнуудаа гадаад орноор аялах эрхийн бичгээр тус тус шагнан урамшуулж байна.

2018 онд хагас жилийн KPI гүйцэтгэл хангасан 25 ажилтан Архангай аймгаар аялж, амарсан бол жилийн KPI гүйцэтгэл хангасан 20 ажилтан Тайланд улсын Пукет аралд хамт олноороо аялсан билээ.

Мандалын соёл

Нэг баг болж нэгдэн ажиллах, үргэлж түүчээлж, бусдаас нэг алхмын урд байх, гаргаж буй шийдвэр бүртээ харилцагчийг нэн түрүүнд тавих, зорилгодоо тууштай, үйл хэрэгтээ итгэл үнэмшилтэй байх нь бидний үнэт зүйлс билээ. Бидний үнэт зүйлс бидний үйл хөдлөл, сэтгэлгээг чиглүүлэх суурь зарчмуудыг агуулдаг бөгөөд биднийг нэг баг болгон нэгтгэж, бид хэн бэ гэдгийг илэрхийлдэг.

Бид бүтээлч сэтгэлгээг дэмжсэн, ил тод нээлттэй, мэргэжлийн ажиллах орчныг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд энэхүү нэгдмэл соёлыг бүрдүүлэхийн төлөө дотоодын хөтөлбөрүүдийг идэвхтэй санаачлан хэрэгжүүлдэг.

Энэ жил бид ажлын байрны соёлыг дэмжих зорилгоор “Соёлын довтолгоо” хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд дараах аянуудыг хэрэгжүүлсэн:

  • Эрүүл мэндийг дэмжих зорилготой “Ажлын байрны дасгал хөдөлгөөн” аян
  • Тамхигүй орчныг сурталчлах зорилготой "Тамхинаас татгалзъя" аян
  • Ажлын байрны хоцролтыг бууруулах, эрт босох дадлыг хэвшүүлэх зорилгоор "Эртэч шувуу" аян
  • Ажлын байрны эмх цэгцийг сайжруулах, ажлын файл, дата мэдээллийн хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Цэвэр орчин, цэгцтэй ажлын байр  - Ажлын байраа аваръя" аян

Олон нийтийн арга хэмжээ

Харин хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, багийн ажиллагааг сайжруулахын тулд компанийн зүгээс олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Тэдгээрээс дурдвал:

Спортын наадам

“Мандал CUP” спортын наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд тамирчид шатар, дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, марафон зэрэг 6 төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаа, хурд хүчээ уралдуулан байгууллагын алтан цомын төлөө өрсөлддөг билээ.

Зуны аялал

Зуны аялал, зугаалга нь ажилтнуудын алжаал ядаргааг тайлж, эрч хүчийг сэлбэх, хоорондын нөхөрлөл, идэвх оролцоог сайжруулах, шинэ ажилтнуудыг багт уусахад туслах зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ жил Мандалын хамт олон бүтэн өдрийн явган аялал хийсэн бөгөөд аяллын явцад менежментийн кэйсүүд дээр багаараа ажиллаж, ур ухаанаа сорьж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн билээ.

Марафонд оролцох

Компанийн зүгээс идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг үргэлж дэмждэг бөгөөд жил бүр “Улаанбаатар Марафон” болон “Achilles олон улсын марафон”-д хамт олноороо оролцдог уламжлалтай.

Happy hour

Улирал бүрийн эцэст үйл ажиллагаагаа дүгнэж, цаашид хийх ажлуудаа хэлэлцэх зорилгоор бүх ажилтны хурал болон Happy Hour арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. 

Дотоод хангамж

Ажлын орчин

Өдрийн талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг ажилтнуудын сэтгэл санаа, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Мандал даатгал нь 2018 онд хотын төвд байрлах шинэ эко оффист нүүн орсон. Уг оффис нь урьдчилан цэвэршүүлсэн агаарыг ашиглан оффисын орчныг бүхэлд нь цэвэр агаараар байнга сэлгэдэг учраас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд ч цэвэр агаартай оффист ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Эрүүл мэндийг дэмжих

Хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр салбартаа тэргүүлдэг компанийн хувьд ажилтнуудынхаа эрүүл мэндэд хамгийн их анхаардаг бөгөөд дараах боломжуудыг ажилтнууддаа санал болгодог. Үүнд:

  • Хувийн эрүүл мэндийн “Жаргалан”даатгалд 50%-ийн хөнгөлөлттэй үнээр гэр бүлээрээ хамрагдах;
  • Фитнесс, бассейн, йога зэрэг дасгал хөдөлгөөнийг дэмжсэн хөтөлбөрт хамрагдахад компанийн зүгээс төлбөрийн тодорхой хувийг төлөх;
  • Жил бүр эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээнд гэр бүлээрээ хамрагдах;
  • Тамхинаас гарсан ажилтнуудад үнэгүй шүд цайруулах үйлчилгээнд хамрагдах эрх олгох;

Бусад

  • Жил бүр борлуулалтын ажилтнуудад бизнес хувцас авах эрхийн бичиг олгох;
  • Гар утасны төлбөрөөс хөнгөлөх;

Хэрэв та Мандал даатгалын эрч хүчтэй багийн нэг хэсэг болохыг хүсэж байвал манай НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ-нд хамрагдаарай. Төгссөн сургууль, дүн харгалзахгүй, танил талаараа хөөцөлдүүлэх ШААРДЛАГАГҮЙ, олон жилийн туршлага хэрэггүй. Бид зөвхөн хандлага, хүсэл эрмэлзэл харна.

Нээлттэй сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ мэдээллээ үлдээнэ үү.