Ажилд ороход арын хаалга хэрэгтэй юу?

Намар 8 сар гарахаар эсxүл зун 6 сард хүүхдээ ажилд оруулах гэсэн юм гэх эцэг эхчүүд нэлээдгүй утас цохих нь бий. Нэг удаа холын хамаатны эгчийн найз гэх ахимаг насны эмэгтэй 20 нэлээд гарсан охиноо хөтлөх нь шахуу ажил дээр хүрээд ирэв. Тогтсон гэр бүлтэй болж, хүүхэд гаргаж ээж болсон хүүхэн ээжийнхээ гараас хөтлөөд ажилд орох гээд явж буй нь нүдэнд тогтож өгөхгүй эвгүй харагдаад болдоггүй. Настай ээжийг нь хараад өрөвдсөндөө мэргэжлийн зан хөдлөөд хоёуланг нь тас загначхав. Өдий том болсон юм байж ээжийнхээ гараас хөтлөөд явахдаа ичихгүй байна уу чи гээд л зандарч гарав, хоёулаа уйлах нь ээ. Ээж охин хоёр бараг ажил сураглаж ирсэн нь буруу боллоо гэх харцаар намайг ширтэв. Ээжид нь эвтэйхнээр та яваад амарч бай, охиныг тань нээлттэй сонгон шалгаруулалтад оруулъя, манайд аль нэг захирлын нөлөөлөл орж ажилд авдаг нь бага байдаг юм, гайгүй байх аа гээд явуулав. Охин нь ч ярилцлага шалгалтуудыг даваад ажилд орсон. Тэгээд би ч завгүй, шинэ ажилтан маань ч завгүй явсаар бараг жилийн дараа байгууллагын зуны явган аяллаар таарав.

Сүрхий яриа хөөрөө болж, анх уулзаж байснаа бодвол нэлээд нүүр хагарчээ. Тухайн үед юу болсон талаар ярьж бөөн хөхрөлдөөн болов. Бүсгүй хүүхдээ гаргахаасаа өмнө нь хэд хэдэн байгууллагад ярилцлагад орж. Яг л орчих байх гэхээр л ордоггүй. Сураглаад үзэхээр нэг хүний танил, нөгөө хүний хамаатан бидний ярьдгаар шахааны хүмүүс нь ажилд орчихдог байж. Үеийн залуусын дунд ч гэсэн хүнээр л яриулахгүй бол гайгүй ажилд орно гэж байхгүй гэх яриа намрын өвсөнд түймэр гарахтай адил тархжээ. Бүсгүй ажилд орох гэж 10 сарыг хүргээд жирэмсэн болоод гэртээ жил гаран суув. Өнөөх өөртөө итгэлгүй байдал, танил талаараа яриад ажилд орно гэдэг бодол бүр лавширч. Нялх хүүхэдтэй, ажлын туршлагагүй намайг хэн ажилд авдаг юм гээд чаддагаар нь муу ээждээ л гомдоллож эхэлж. Ээж нь хавь ойрынхоо хүмүүсээс ажилд оруулчих боломжтой хүн хайж явсаар над дээр ирж. Тэгсэн их санасан газар есөн шөнө нойргүй гэдгийн үлгэрээр орж ирэнгүүт нь мань мэт загнаж гарч. Харин ажилд орсноос хойш сайхан хамт олонтой болж, байгууллагадаа ч тэр өөртөө ч тэр итгэл төгс нэр хүндтэй сайхан мэргэжилтэн болжээ. Яриа дундуур ахлах болон дэвшсэн залуу нэмэрлэж, өөрийнхөө түүхийг ярив. Их сургууль төгсөх жилээ найз охинтой болж. Анхны дурлал, хайр, гэр бүл болж их амьдралын далайд гарсан хос хоёр хичээлийг ч цалгардуулж гарчээ. Юу юугүй нэг мэдэхэд хүүхэдтэй болж өөрсдөө ч тохинож чадаагүй байтал хариуцлагатай амьдрал руу орж. Гэр бүл, хүүхэд, сургууль гэж хэдэн тал руу гүйж байтал 4 дүгээр курс төгсөж дүнгээ хартал голч нь 3-аас доошоо унаж 2.3 болчхож. Гайгүй байлгүй гээд өнгөрсөн ч өнөө голч дүн нь олон ажлын ярилцлагад түүний сул тал болжээ. Гайгүй компанид ажлын ярилцлагад орохоор - дүн чинь яагаад ингээд муу гарчихсан юм гэж асуухаар нүүр хийх газаргүй болдогсон гэж билээ. Харин Голомт банкны нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн төдийгүй одоо үеийн залуусаа ахалж бас ч үгүй орон сууцны 8%-ийн зээлд орчихсон, амьдрал тогтоод сайхан л байгаагаа дурсаж байв.

2016 оноос хойш нээлттэй сонгон шалгаруулалтаар бараг 200 гаруй залуусыг ажилд авч, өөрөө гардан бэлтгэжээ. Хүнтэй яаж мэндлэхээс эхлээд, хэрхэн арга эвийг нь олж борлуулалт хийх, цаашлаад хэрхэн тэвчээртэй байх, багаар ажиллах гээд олон зүйлсийг зааж өгдөг. Тэвчиж дэвшээд явж буй олон залуу байгаа ч шантраад дундаас нь гарсан хүмүүс ч бас бий гэхдээ л бүгд юм сураад л гарсан байх, мөн гарсан залуустаа тодорхойлолт өгөх, тэднийхээ цаашдын ажил амьдралд дэм болохоос, саад болохгүй юмсан гэж бодож явдаг даа.

Сүүлийн 11 жил банк санхүүгийн салбарт ажилласан туршлага, гадаад дотоодод үзэж танилцсан зүйлсээ залуустайгаа харамгүй хуваалцдаг. Анх Монголд ирээд Хасбанкинд ажилд ороход надад ч бас танил тал, хамаатан садан байгаагүй. АНУ-д хөдөлмөр зуучлалын төвөөр дамжуулж ажилд ордгийг санаад Улаанбаатар хотын банк байрших шилэн байранд очиж хөдөлмөр зуучлалын төвөөр орж бүх банкнуудад анкетаа өгөөд тэр өдөртөө Хас банканд орж билээ. Хас банкны хүний нөөцийнхөн, энэ залуу яагаад хөдөлмөр зуучаар дамжиж орж ирсэн юм бол гэж бодож байсан гэдэг, гэтэл нөгөөдөх нь шал АНУ-аараа нөхөр орж ирснийг Хасын сайхан хамт олон Монголжуулж хүн болгосон шүү.

Ингээд гурав дахь байгууллагадаа буюу Мандал Даатгал гэх энэ сайхан ам бүлд мэргэжилтэн бэлтгэхээр ирээд байна. Та төгссөн сургууль, дүндээ санаа зовох хэрэггүй. Танил талаараа ч яриулах хэрэггүй. Зүгээр л хүрээд ир. Бид зөв хандлагатай, ирээдүй рүү тэмүүлсэн, ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй залуусыг сургаад бэлтгээд авна аа.

Та бүхэн өөрсдөө болон, найз нөхөд, ах дүүсээ Олон улсын жишиг, Монголын тэргүүлэгч компанид туршлага хуримтлуулж ажлын гараагаа эрч хүчтэй эхлүүлэхийг хүсвэл энэхүү нийтлэлийн хаягаар холбогдож мэдээллээ үлдээхийн сацуу 9 сарын 14-нд Хүүхдийн ордонд өглөө 10:00-аас орой 18:00 цагт болох Мандал даатгалын НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ӨДӨРЛӨГТ хүрэлцэн ирээрэй!

Мөн ЭНД ДАРЖ анкетаа бөглөхөө мартуузай. Амжилт хүсье.

Н.Түмэндэмбэрэл
Мандал Даатгал ХК
Гүйцэтгэх захирлын орлогч