Би Мандалын ажилтан

Даатгалын менежер Д.Цэнд-Аюуш

Мандал Даатгал  миний анхны ажил, амьдралын минь гараа юм. Анх сургуулиа төгсөөд мэргэжлийн дагуу багшлах сонирхолтой байсан боловч их сургууль төгсөх жил охин маань, хоёр жилийн дараа хүү төрснөөр гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлж зургаан жил гэрт суусан. Энэ хугацаанд найз нөхөд танил тал бүх хүмүүсээс өөрийгөө тусгаарлаж, 100кг давсан жинтэй өөртөө итгэх итгэлгүй сул дорой нэгэн болсон байлаа. Тэр үед хүн орой унтах, буруу хооллолт гэх мэт муу зуршилд дасахдаа амархан байдаг санагдсан.

Зургаан жил гэрт суусны дараа хүүхдүүд арай өсөж цэцэрлэгт явж эхэлсэн тул  дахин хүүхэд төрүүлж үргэлжлүүлж гэрт суух эсвэл ажил хийх гэсэн сонголт тулгарлаа. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөсний эцэст ажил хийхээр шийдсэн. Гэвч шууд гараад анкет өгч ажилд орох зүрх зориг байсангүй. Ингээд хэд хоног бодсоны эцэст сургалтад сууж өөрийгөө бэлдэхээр  шийдэв. Энэ үе маань зургаан сарын туршид үргэлжлэн, дөрвөн сургалтад суусан төдийгүй үүнээс нэг нь л төлбөртэй /жолооны курс/ байв. Сургалтад сууснаар өөртөө итгэх итгэлтэй болж, биеийн жингээ хаяад хэвэндээ орно гэсэн горьдлого тээж явсан минь буруу байлаа. Ингээд насаараа сургалт дамжихгүйгээс хойш ажил хайж анкет бөглөж эхлэв.

Хэд хоног хайсны эцэст тавилгын дэлгүүрийн худалдагч, Төрийн байгууллагад үйлчлэгч, Ресепшн гэсэн ажлын саналтай үлдэв. Алийг нь сонгох вэ гэж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байтал дүү Мандал Даатгалд борлуулагч авна гэсэн танд тохирно та очиж уулзаач гэсэн санал гаргасан. Тухайн үедээ дотроо хурдан л ажилд ормоор байхад юун санхүүгийн байгууллага гэсэн бодол давамгайлж байсан ч дүүгээ хүндлэн, нөхрийнхөө шаардлагаар очиж анкет бөглөв. 12 сард өгсөн анкетын хариугаа харзнаж байсан ч хариу ирээгүй тул нэгдүгээр сарын сүүлээр тавилгын дэлгүүрт худалдагчаар ажиллахаар шийдсэн юм.

Гэтэл яг тэр үед Мандал Даатгалаас маргааш өглөө 9 цагт Чингис зочид буудалд ирж танилцуулгад суугаарай гэв. Шийдвэрээ дагаад өглөө шинэ ажилдаа явах ёстой ч мөн л  нөхрийнхөө ятгалгаар Мандал Даатгалын танилцуулга руу явсан.

Чингис зочид буудлын хурлын танхим албаны хувцастай олон шижигнэсэн залуус холхилдож, хөл хөдөлгөөн ихтэй сайхан орчин угтлаа. Юу юугүй л өөрийгөө танилцуулах байх гэтэл хэн ч надаас юу ч асуухгүйгээр үл барам удирдлагууд нь байгууллагаа танилцуулан шилдэг ажилчид нь хэрхэн ажилладаг болох болон карьерын замналаа танилцуулав.  Танилцуулга дуусаж одоо л өөрийгөө танилцуул гэнэ дээ яана гэж бодож суутал маргааш дахин танилцуулга сургалттай гээд тарав.

Бужигнасан олон тарахад нөхөр үүдэнд намайг аль хэдийн ажилд орсон адил баяртай угтав. Болсон танилцуулга болон дараагийн танилцуулга сургалтыг хэлтэл урдаас “Чи минь зургаан сар сургалтад суусан юм чинь нэг өдөр дахиад суу’’ гэж хэлсэн.

Маргаашийн сургалт мөн л олон залуус бужигнасан эрч хүч буцалсан сайхан орчин угтана. Гэвч би тэр танхим руу орж зүрхэлсэнгүй. Урам муутайхан өөрийгөө буруутгасаар гарч иртэл нөхөр зогсож байх нь тэр. Удаан ярилцсаны эцэст би сургалт руугаа орлоо.

Энэ сургалтад сууснаар би маш их зүйлийг мэдэж, амархан өөрийгөө өөрчлөх боломжтойг ойлгосон билээ. Сургалт завсарлахад  би Мандал Даатгалын халуун ам бүлийн тоонд орж энэ залуустай мөр зэрэгцэн ажиллах юмсан гэж бодож байсан бол сургалт дуусахад би энэ хамт олны нэг болно гэж бодож билээ. Орой тараад харихдаа тавилгын дэлгүүрт ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн юм.

Миний бодол биеллээ олж Мандал Даатгалаас намайг дуудаж, даатгалын талаар А ч үгүй би гэдэг хүн бүх зүйлийг эхнээс нь сурч, ажиллахаар шулуудав.

2015 онд Мандал Даатгалд ажилд орсноос хойш хувь хүний хөгжилд, гэр бүлд маань ч эерэг өөрчлөлтүүд маш их гарсан. Хэдхэн жилийн өмнө арван хүний өмнө өөрийгөө танилцуулна гэдэг миний хувьд хэцүү зүйл байсан бол одоо зуу зуун залуусын өмнө амжилтын карьераа танилцуулдаг болсон. Одоогоор Иргэдийн даатгалын газраас Байгууллагын даатгалын газарт дэвшин ажиллаж байна. Цаашид ч санаж төлөвлөсөн сайхан зүйлс олон байгаа. Зорилго нэгтэй  хамт олонтойгоо Мандалынхаа түүхийг бүтээсээр байх болно.

Тусламж шаардлагатай хүмүүст хүрч тусалж чаддаг буянтай ажлаараа, бусдыг гэх сэтгэлтэй зөв хамт олноороо үргэлж бахархаж явдаг.​

Үйл ажиллагаа хариуцсан захирал П.Оргодол

Би 2012 онд МУИС-ийн ЭЗС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд хөрөнгийн зах зээл, төсөл, судалгааны чиглэлийн ажил хийж байгаад 2015 оны 8 сард Мандал Даатгалд “Шинжээч”-ийн албан тушаалд ажилд орсон. Мандал Даатгалд ажилд орохоосоо өмнө даатгалын салбарын талаар сайн ойлголтгүй, ер нь даатгалын компанид ажиллах талаар ямар ч төсөөлөлгүй байлаа. Тухайн үед Мандал Даатгал шинэлэг дүр төрхөөрөө зах зээлд танигдаж байсан бөгөөд Мандал Даатгалаас гаргасан судалгааны нийтлэлүүдийг нь сонирхон уншдаг байсан болохоор ажлын байр зарлахад нь хүсэлтээ өгөөд тэнцэж ажилд орж байсан.

Ажилд ороход найрсаг, чадварлаг, эрч хүчтэй хамт олон угтаж авсан бөгөөд аливаа ажлыг нарийн тооцоолол, судалгаанд суурилан мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг нь намайг урам зоригтой ажлаа хийж, хувь хүний ур чадвар өсч дэвжихэд нөлөө үзүүлсэн. Мандал Даатгал бол ажилтнуудаа хөгжих, өөрийгөө сорих боломжийг чөлөөтэй олгодог, ажиллах орчныг бүрдүүлсэн компани гэж хувьдаа боддог.

Би анх ажилд орсноосоо хойш 2016 онд Эрсдэл хариуцсан менежерээр, 2018 оны 11 сараас Үйл ажиллагаа хариуцсан захирлаар тус тус албан тушаал дэвшин ажиллаж байна. Энэ хугацаанд миний хувийн ур чадварт нэлээд ахиц гарсан бөгөөд хамтдаа сурч хөгжиж байгаа хамт олон болон компанидаа талархаж явдаг.

Үйлчилгээний ахлах мэргэжилтэн Ч.Дарханцэцэг

Залуу хүний хувьд өсч дэвших боломжтой, өөрийгөө сорьсон ажил хийх хүсэлтэй байсан. Biznetwork ажлын зараас Мандал Даатгалд Үйлчилгээний ажилтан авна гэсэн зарыг хараад анх Мандал Даатгалыг мэддэг болсон. Ингээд Мандалын талаар судалж эхлэхэд Эрхэмсэг оршихуй болон Алсын хараа нь маш их таалагдсан тул ярилцлагад орж үзэхээр шийдсэн юм. Яагаад ч юм Эрхэмсэг оршихуйг хараад түүнд шууд итгэж, Мандал Даатгалын халуун ам бүлийн нэг нь болохыг хүсч 2015 оны 7 сард Үйлчилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн.

Даатгалын талаар мэдлэггүй байсан хэдий ч хамт олны туслалцаа дэмжлэгээр хурдан сурч, харилцагч нарт даатгалын мэдлэгийг түгээж, байгууллагадаа өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй байхыг хүсч шударга, итгэмжтэй ажиллахаар шийдсэн.

Ажилд орохын өмнө би нэг зүүд зүүдэлсэн байдаг юм. Хоёр том давалгаа ирж байгааг харсан. Миний амьдралд давлагаа шиг томоохон өсөлт, дэвшилт ирэх болно хэмээн бэлэгшээн хүлээн авсан. Дараа нь Мандалд орж ирээд харахад Мандалын логоны цацрагууд яг миний зүүдэндээ харсан давалгаанууд байсан. Ингээд миний амьдралд ирэх давлагааг барьж авахыг хүсч, ажлын гараагаа эхлүүлсэн.

Өнөөдөр би Мандал Даатгалд Үйлчилгээний Ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Би ажлаараа маш их бахархдаг. Учир нь даатгалын үндсэн үйл ажиллагаа нь нийгэмдээ эерэг нөлөөллийг авчирдаг. Тиймээс ажлаараа дамжуулан олон хүмүүст санхүүгийн, сэтгэл санааны туслалцааг үзүүлж чаддаг гэдэгт итгэдэг. Миний ажлын нэг үүрэг нь харилцагчаас ирсэн санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх байдаг. Хэцүү ч гэлээ бусдад туслах бас нэгэн боломжийг олгодог. Би харилцагч нараас “Баярлалаа” гэдэг үгийг сонсох дуртай. Харилцагчийн санал гомдлоор дамжуулан байгууллагынхаа үйл ажиллагаанд өөрчлөлт, шинэчлэлтийг хийдгээрээ миний ажил сонирхолтой. Иймд би итгэлтэй, үнэнч, шударга байж хоёр талын харилцаанд маш том гүүр нь болж чаддаг гэж боддог.

Миний хичээл зүтгэлийг үнэлж намайг Оны хариуцлагатай хүн, Багын тоглогч гэх шилдэг ажилтан тодруулах номинацид 2 жил дараалан хамт олноосоо нэр дэвшин оролцож байсан.

Төслийн менежер М.Алтайбаатар

Мандал Даатгалд орохын өмнө хоёр ч байгууллагад ажилласан. Сүүлд 2014 онд Юнител групп-д Бизнес хөгжлийн газар мэргэжилтнээр ажиллаж байгаад хувийн бизнесээ эхлүүлж ажлаа өгсөн. Үүнээс хойш бизнесээ хөл дээр нь босгох гэж 2 жил явсны эцэст үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэн. Энэ үеэс өөрт маань зав чөлөөтэй байх хугацаа гарч аливаа зүйлсийг эргэцүүлэн бодох болсон. Тухайн үед өөрийнхөө тухай бодох бүрт голсон, чамласан, унтарсан мэдрэмжүүд хөвөрч байв. Сурч хөгжих зүйл их хэдий ч сурах мэдэх хүсэл нь багассан, хамт олон найз нөхөд бараг үгүй, нийгмээс тусгаарлагдсан, хувийн жижиг бизнестээ хэт автсан зэргээр нэлээд удаан бодож явсны эцэст энэ бүх бодлоо няцаахаар зоригтой шийдвэр гаргасан. Хүн дуртай ажлаа олж хийж чадвал хийж байгаа ажлаасаа урам зориг авч, илүү хурдан амжилтад хүрэх боломжтой тухай бишгүй уншиж сонсож байсан учир яг тийм байж болох товлосон хэдэн газраа анкетаа өгч хувийн бизнесээ орхисон. Томоохон групп байгууллагуудаас юм сурахад цаг хугацаа их зарцуулах шаардлагатай санагдсан, учир нь тогтсон бүтцэд хүлээх хариуцлага бага учраас хийх ажил нь тодорхой, бас уйдах шинжтэй байдаг. Тиймээс дундаж байгууллагад орж тодорхой хариуцлага хүлээж, өөрийгөө сорьж үзэх нь миний шийдсэн сонголт байв.

Ингээд 2016 оны 5 сард анкет өгсөн газруудаас эхнээсээ ярилцлагад дуудаж эхлэв. Мандал Даатгалаас ярилцлагад дуудахад заал дүүрэн хүмүүс дунд сургалтад сууж эхний өдрийг өнгөрөөв. Захирлууд нь байгууллагаа танилцуулж, ажилчид нь өөрсдийн сэтгэгдлийг тайзан дээр ярьж маш гоё мэдрэмж төрүүлж чадсан.

Үүнээс 2 хоногийн дараа Мандал Даатгалаас залгаж ярилцлагад урьсан. Ярилцлага дээр том цаас балнууд ирсэн хүн бүрт өгөөд даалгавар өгөв. Нэг нэгээрээ хийсэн даалгавраа бариад ярилцлагад орж байв. Чадахаараа шинэлэг байх гэж хичээн очерлосоор даалгавраа захирлуудад танилцуулсан. Тус даалгавар маань амжилттай, бас ярилцлагаа зөв хийсэн учраас тэнцэж Мандал Даатгал гэдэг энэ том айлын үүдээр алхсан гэж боддог. Миний амьдралд маш том өөрчлөлтийг авчирсан тийм чухал нэгэн үе байсан.

Өнөөдөр би Мандал Даатгалд 4 дэх жилдээ ажиллаж байна. Анх Бизнес шинжээчээр туршилтын 3 сар ажиллаад Бизнес хөгжлийн менежерээр жинхэлсэн. Энэ албан тушаал дээрээ 8 сар ажилласны дараа “Нөхөн төлбөр, үйлчилгээ хариуцсан менежер” -ээр томилогдов. Ингээд 2017 оны шинэ жилээр Оны шилдэг ажилтан болж ихэд баярлаж байсан. Энэ албан тушаал дээрээ 2 жил тасралтгүй зүтгэж чадах зүйлсээ хийсний эцэст яг одоо “Цахим төслийн менежер” гэгдэх хүндхэн үүрэг хүлээн авч өөрийгөө дахин сорьсоор байна. Байгууллагаа дараагийн түвшинд гаргахад технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх томоохон үүрэг авсан би үүнийгээ нэр төртэй хийхээр хичээн дахин дахин суралцаж, бас алдаж онож, үүнээсээ суралцан хөгжсөөр байна. Энэ бүх хугацаанд маш их зүйл сурч, 3 жилийн өмнөх өөртэйгөө өнөөдрийн өөрийгөө харьцуулшгүй болсон гэж боддог. Үүнд мэдээж баг, хамт олон хамгийн гол нь удирдан залж буй удирдлагууд маш чухал үүрэгтэй.

Мандал Даатгал бол ӨГӨГЧ байгууллага, гэхдээ өгч чаддаг хүнд ӨГӨГЧ байдаг байгууллага гэж хамгийн энгийнээр тодорхойлно. Энэ нь нөгөө утгаараа маш их боломжийг ажилчид даа олгодог нээлттэй, элдэв хүнд суртал, буруу соёл үгүй тийм л тайван боломжоор дүүрэн байгууллага.

Эцэст нь Монголын хамгийн том даатгалын компанид ажилласнаар өөрийн карьер болон тархиныхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаасай гэж залуусдаа уриалмаар байна.

Хэрэв та Олон улсын жишиг, Монголын тэргүүлэгч компанид туршлага хуримтлуулж ажлын гараагаа эрч хүчтэй эхлүүлэхийг хүсвэл 9 сарын 14-нд Хүүхдийн ордонд өглөө 10:00-аас орой 18:00 цагт болох Мандал даатгалын НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ӨДӨРЛӨГТ хүрэлцэн ирээрэй!

Мөн ЭНД ДАРЖ анкетаа бөглөхөө мартуузай. Амжилт хүсье.