Салбарын мэргэжилтнүүд Мандал Даатгал ХК-ийн хувьцааг багцад зайлшгүй байх хамгаалалтын хувьцаа гэж харж байна.

 

Уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд салбарын мэргэжлийн судлаач шинжээчид, оюутан залуус,  хөрөнгийн зах зээлийн сонирхогчид идэвхтэй оролцож, ирүүлсэн материалуудаас нэгдүгээр шатанд хамгийн өндөр оноо авсан 8 оролцогчийн судалгааг хэлэлцүүлэгт оруулж шилдгийн шилдэг 3 бүтээлийг 9-р сарын 24-нд шалгарууллаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнээр Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ, СЭЗИС-н багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Мандал Даатгал ХК-н үйл ажиллагаа хариуцсан захирал П.Оргодол нар ажиллаа.

Оролцогчдын тооцоолсноор хувьцааны зорилтот үнэ 6,094 - 11,340 төгрөгийн хооронд байсан ба багууд MSE:MNDL хувьцааг ХУДАЛДАЖ АВ гэсэн зөвлөмж, саналыг дэвшүүллээ. Мөн Мандал Даатгалын хувьцааг өсөлтийн болон хамгаалалтын хувьцаа гэж дүгнэсэн байна.

1-р байранд Монгол Банкны эдийн засагч А.Бат-Орших, Худалдаа Хөгжлийн Банкны эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн шинжээч Д.Лхагва-Очир, МУИС-Бизнесийн сургуулийн санхүү менежментийн ангийн оюутан С.Үүрийнтуяа нар шалгарсан бөгөөд судалгааны үр дүнгээс товч танилцуулбал:

  • Мандал Даатгал ХК даатгалын салбарын хамгийн хүчтэй өрсөлдөгч
  • MSE: MNDL хувьцааны үнэ өсөх магадлал 62%
  • Хураамжийн орлого ирэх 5 жилд дунджаар 16%-иар өсөх төлөвтэй

 

2-р байранд судлаач Э.Мэндсайхан, Б.Даваадорж, Б.Тэмүүлэн нар шалгарсан ба тэдний судалгаагаар:

  • Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хүрэх боломжит зах зээл хангалттай их байна. Гэнэтийн осол, эмчилгээний даатгал болон эрүүл мэндийн даатгал нь өнгөрсөн 5 жилд дунджаар 25%-иар өсөж, 2018 онд 26.3 тэрбум төгрөгт хүрсэн ба салбарын нийт хураамжийн 15%-ийг бүрдүүлсэн. Эдгээр даатгалын нөхөн төлбөрийн дүн 7.5 тэрбум төгрөг гарсан бөгөөд энэ нь Улсын төсвөөс эрүүл мэндийн зардалд жил бүр зарцуулдаг 646 тэрбум төгрөгийн ердөө 1.2%-тай тэнцэж байна.
  • Мандал Даатгалын салбарт эзлэх хувь 2014 онд 7.39%-тай байснаас 2019 оны эхний хагас жилд 17.64%-д хүрч өсөөд байна. Андеррайтингийн шийдвэр гаргалтын оновчтой бүтэц, зохион байгуулалтаа хадгалах, хөгжүүлэх болон хэрэглэгчийн шилжих зардлыг нэмэгдүүлснээр компани ирээдүйд зах зээлд эзлэх байр сууриа хадгалах бүрэн боломжтой.

 

3-р байранд шалгарсан ODYSSEY багийн ахлагч Э.Бумбаяр болон түүний багийн гишүүд Б.Төгөлдөр, Б.Буяннэмэх нар судалгаандаа:

  • Компанийн засаглалын үнэлгээгээр Мандал Даатгал ХК 89,5% буюу маш сайн үзүүлэлттэй.
  • Мандал Даатгал ХК-н татварын өмнөх ашгийн нийт хураамжийн орлогод эзлэх хувь 2014 оноос 2018 оныг хүртэл -2.4 хувиас 15.7 хувь болж өссөн ба татварын өмнөх ахиуц ашиг 20 орчим хувьд тогтвортойгоор үйл ажиллагаа явуулахаар хүлээгдэж байна.
  • Монгол Улсын даатгалын зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд 2018 онд МХБ-д бүртгүүлж, нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд нээлттэй зарласан. Ингэснээр мөнгөн хөрөнгийн томоохон эх үүсвэрийг бий болгож, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулснаар үйлчилгээний чанарыг нэмэгдүүлсэн. Ирээдүйд Монгол Улсын даатгалын салбарын хөгжилд нийцэх стратегийг Мандал Даатгал боловсруулж, үйл ажиллагаагаа явуулах төлөвтэй.

Та бусад оролцогчдын шинжилгээний хураангуйтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.