Дарханы чиглэлийн замд зорчигчдын анхааралд

Улаанбаатар – Дархан чиглэлийн замаар дамжин цааш Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл гээд хүрэх газар олон. Уг замаар өдөрт дунджаар  5,800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол цагаан сарын үеэр ачаалал ид оргил үедээ 12,300 гаруй тээврийн хэрэгсэл болж өсдөг байна.

Өвлийн улирлын баярын өдрүүдэд иргэд амарч орон нутаг зорих нь ихэсдэг. Миний бие ч мөн адил амралтаараа хойд зүгийг зорихдоо зам засвартай байгаа гэж бодсоноос хэр хүнд нөхцөл байдалтай байгаа талаар сайн мэдээлэл аваагүй гарсан билээ. Товчоогоор гараад л шинэ зам тавигдсан хэсэгхэн газарт л тайван явж түүнээс цааш их л хүндхэн замыг туулж зорих газартаа хүрчихээд эргээд энэ замаараа буцна гэхээс муу жижиг тэргээ өрөвдөв.

2019 оны 6 сарын дундаас эхлэн Улаанбаатар – Дархан чиглэлийн 204 км хуучин замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр засварлан нэмээд Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр шинээр зам барин нийт 4 эгнээтэй хурдны зам болгох засварын ажил эхэлсэн. Анх олон нийтэд мэдээлснээр бол 11 сарын 1-нд засвар хийгдсэн эхний зам бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан хэдий ч хүйтний улмаас засварын ажил түр зогсоод байна. Төлөвлөгөөт ёсоор 2020 онд наадмаас өмнө 4 эгнээтэй 2 зам ашиглалтад орох боловч одоогийн байдлаар эхний зам хучилтад ороогүй, хуучин 2 эгнээтэй хатуу хучилттай зам байсныг хэсэгчлэн хуулж, түр шороон зам тавьсан байна. Товчоо өнгөрөөд энэ шороон зам эхэлж байгаа бөгөөд түр замын нөхцөл хүнд, замын шороо сул тоосжилт ихтэй байсан тул бусад жолооч нартаа Дархан руу зорчихдоо дараах хэд хэдэн зүйлсийг анхааруулбал хэрэгтэй болов уу гэж бодлоо. 

Хурдаа тохируулах

Зам нэлэнхийдээ сул чулуу, шороотой, дэржигнүүртэй байгаагаас хэт хурдтай явбал машины дотоод эд ангид эвдрэл учруулах тул хурдны хязгаарыг 50км/цаг-аас хэтрүүлэхгүй байх. Өндөр даваа, эгц уруу хэсэгт гүйцэж түрүүлэх хориотой хурдны хязгаар 30 км/цаг байна.

Гүйцэж түрүүлэх, түрүүлүүлэхэд анхаарах зүйлс

Таныг нэг машин гүйцэж түрүүлэхэд танд 2 төрлийн эрсдэл учирна.

  1. Зам сул шороо, чулуу ихтэй тул өнгөрч буй машинаас салхины шилрүү чулуу их үсэрнэ.
  2. Зам тоосжилт ихтэй тул гүйцэж түрүүлсэн машины ард үлдэхэд үзэгдэх орчин 30 метр дотор харагдахгүй хязгаарлагдана.

Эдгээрээс сэргийлж таныг машин гүйцэж түрүүлэх гэж буй эсэх дээр сэрэмжтэй явах, толиндоо тогтмол шалгах, гүйцэж түрүүлэх үед хурдаа бага зэрэг хасаж урдуураа оруулах. Мөн тоосжилт дунд орсон тохиолдолд өдрийн цагаар ч гэсэн гэрлээ асааж эсрэг урсгалын машинд өөрийг тань харах боломжийг олгох.

Ихэнхдээ JEEP, SUV гэх мэт том машинууд гүйцэж түрүүлж байсан бөгөөд хэрвээ та хэн нэгнийг гүйцэж түрүүлэх бол машин хоорондын зай хангалттай авч байж эгнээндээ нэгдээрэй.

Үндсэн замаас гарах гэж байгаа бол

Түр зам хэт дэржигнүүртэй байгаагаас жолооч нар замаас гарч замын хажуугаар гаргасан зориулалтын бус замаар явах тохиолдол их харагдсан. Хэрвээ замаас гарах тохиолдолд зориулалтын уулзвараар замаас гараарай.

Түр замын өндөрлөгөөтэй болон үерийн далангийн хамгаалалттай хэсгээр нэвтрэх гэж яваад хамраараа даланруу орсон машин байсан. Энэ тохиолдолд зориулалтын бус замаар зорчсон гээд уг жолоочид даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй л болов уу. Шөнийн цагаар ялангуяа замын гэрэлтүүлэг байхгүй тул үндсэн замаас гарсан тохиолдолд эргээд нэвтрэх уулзвар харагдахгүй тул аль болох замаас гарахгүй байхыг зөвлөж байна.

Шинэ зам тавигдахын хажуугаар үүссэн уг зориулалтын бус замууд байгаль орчинд эргэж нөхөгдөшгүй хөрсний эвдрэлийг бий болгосон нь харамсалтай.

Замд гарахын өмнөх бэлтгэл

·         Замд гарахын өмнө дугуй, дотоод эд ангиа сайн шалгах, дугуй хагарсан тохиолдолд нөхөх бэлтгэлтэй явах. Замын турш дугуй хагарсан, машиныхаа хамрыг сөхсөн жолооч нар хэд хэд таарсан тул бэлтгэлтэй явахад илүүдэхгүй. 

·         Шөнийн цагаар аль болох явахгүй байх. Хурдны хязгаар 50км/цаг, замын нөхцөл хүнд үед оройн цагаар замд гарвал их л удаан харанхуй замаар явах хэрэг гарна. Зөрж өнгөрч буй машинууд гэрэлээ шилжүүлэхээсээ шилжүүлэхгүй нь их тул эрсдэл ихтэйгээс гадна их тухгүй аялал болно.

·         Даатгалынхаа хугацаа болон хамгаалах нөхцөлүүдийг шалгах. Түрүүн хэлсэнчлэн үндсэн замаас гарч яваад таны машинд гэмтэл учирсан тохиолдолд даатгал тань үйлчлэхгүй тул та гэрээний нөхцөлтэйгөө сайн танилцаж замын хөдөлгөөний дүрмээ дагах нь зөв юм. Хөдөө явсан хойно даатгалын хугацаа дууссан байх вий, та замд гарахынхаа өмнө заавал шалгаарай.

 
Мандал Даатгал нь Сонголт болон Классик  гэсэн 2 төрлийн даатгалын үйлчилгээг жолооч танд санал болгож байна.
Та автомашины даатгалын талаар зөвлөгөө мэдээллийг 7575 2000 дугаарын утаснаас болон Мандал Даатгалын фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.